НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН 108 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ЗӨРЧИЛГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН 108 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ЗӨРЧИЛГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Авлигатай тэмцэх газар 2017 оны 04 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 267 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 454 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

Өнгөрсөн долоо хоногт 147 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 108 нь зөрчилгүй байсан бол 18-ийг нь буцааж, 20-т нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 307 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна. Ашиг сонирхлын илт зөрчилтэй гэж үзсэн 1 урьдчилсан мэдүүлэг байсан байна.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Г.Амарцэцэг, Баганхангай дүүрэг дэхь Мах боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ-ын ерөнхий нягтлан бодогчын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн И.Базаррагчаа, Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 6 дугаар хорооны улсын бүртгэгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Б.Өлзийжаргал нарын зэрэг 147 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 18 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц болон ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсч болзошгүй болохыг анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 20 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.