НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН 220 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ЗӨРЧИЛГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН 220 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ЗӨРЧИЛГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Авлигатай тэмцэх газар 2017 оны 05 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 230 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ. Нийт 467 урьдчилсан мэдүүлгийг хянан шалгасан байна.

Өнгөрсөн долоо хоногт 270 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 220 нь зөрчилгүй байсан бол 25-ыг нь буцааж, 25-т нь анхааруулсан байна. Одоогийн байдлаар 197 урьдчилсан мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна.

           Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 105 дугаар сургуулийн бага ангийн сургалтын менежерийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Мягмардар, Гадаадын иргэн, харьяатын газрын Буянт-ухаа дахь газрын хяналтын улсын байцаагчын албан тушаалд нэр дэвшсэн Ц.Пүрэвсүрэн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчалын бодлого зохицуулалтын газрын Мэдээлэл сурталчилгаа, маркетинг хариуцсан мэргэжилтний албан тушаалд нэр дэвшсэн Б.Мөнгөнхуяг зэрэг 270 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн байна.

Томилсон тушаал, захирамжийг хүчингүй болгуулах, хууль, журам зөрчсөн, хуулийн үйлчлэлд хамаарагдахгүй, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, холбогдох материал дутуу, ангилал зэрэглэл хамаарахгүй зэрэг үндэслэлээр 25 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг буцаажээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц болон ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал үүсч болзошгүй болохыг анхааруулсан, нэр дэвшигч нь ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй зэрэг үндэслэлээр 25 иргэний урьдчилсан мэдүүлэгт анхааруулсан хариу өгсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт хянан шалгасан урьдчилсан мэдүүлгийн дийлэнх нь Нийслэлийн газрын алба, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын алба, Төрийн банк зэрэг байгууллагаас ирүүлсэн байв.